Untitled-1 copy
На.СҮХБААТАР. 2012 ОНД ТОД НОМЫН ГЭРЭЛ ТӨВ САЙН АЖИЛЛАСАН ГЭЖ БОДОЖ БАЙГАА.
2013 оны 8 сарын 3

- Төвийнхөө луу жилийн ажлын үр дүнг дүгнээд хэдэн үг хэлнэ үү
- Манай төв 2012 онд сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Манай уламжлалт судалгааны ажил идэвхтэй байсан. Дэд хөтөлбөрүүд маань үргэлжлээд явж байна. Хойшид хийх олон ажлын эхлэлийг тавьсан жил боллоо.
- Цуврал ном бүтээлүүд хэдэн боть гарсан вэ?
- “Ойрад судлалын номын сан” цувралынхаа 24, 25, 26, 27, 28-р ботиудыг гаргалаа. Номуудыг ивээн тэтгэж хэвлүүлсэн Цагаагчууд Д.Дорлигжав, Бархайхан Н.Амитан, Бархайхан А.Баатар, Засгууд Д.Мягмарсүрэн, Тугтан Н.Тэгшбаяр нарт гүн талархал дэвшүүлж байна. Та бүгдийн өвөг дээдсээ гэсэн халуун сэтгэл бидний судалгаа хийх хүсэл хоёр нийлээд сайхан ажил болж байгаа. Бас луу жилийн сүүлээс ойрад судлалын суурь бүтээлүүдийг орчуулж гаргах ажлыг эхлүүлээд байна. Орос хэлнээс монгол хэлэнд орчуулж гаргах нь Монгол улсад дахь ойрад судлал хөгжихөд хэрэгтэйгээс гадна БНХАУ дахь ойрад судлалд чухал үүрэгтэй. Хятад дахь монгол судлалын эрдэмтэд орос хэл дээрх гол бүтээлийг уншихгүйгээр судалгаа хийж байна гэдэг муу хэрэг. XIX-XX зуунд Орос, Зөвлөлтөд ойрад судлал хүчтэй хөгжсөн. И.Я.Златкины “Зүүнгар хаант улсын түүх”, А.И.Моисевын “Зүүнгар хаант улс ба Казак”, Чернышевын “Ойрадын нийгмийн байгуулал” гэдэг номуудыг орчуулахад бэлдэж байна, заримыг нь эхлүүлсэн. Энэ бүтээлүүд дээр бидэнд ивээн тэтгэх, хамтран ажиллах хүмүүс хэрэгтэй байна.
- Гадаад харилцаа, бусад ойрад монголчуудтай харилцах талаар юу хийв.
- Харин гадаад харилцаа маань сайн хөгжсөн жил болсон. Улаанбаатар дахь “Америкийн монгол судлалын төв”-тэй хамтраад 2 жил хэрэгжүүлсэн төсөл маань дууслаа. Манай гадаад асуудал хариуцсан захирал, доктор Б.Түвшинтөгсийн удирдлага дор бид ажиллаад төвд, тод үсгээр буй элбэг боловч үрэгдэж магадгүй нийт 4000 хуудас ном судрыг цахим байдалд оруулж, интернетэд тавьсан. Ач холбогдолтой, чанартай, олон сайн үр дагавартай ажил болсон. Гадна дотноос баяр хүргэж байна. БНХАУ-ын Ганьсу мужийн Ланжуугийн Баруун хойт Үндэстний Их сургуулийн “Ойрад түүх соёлын газар”-тай санамж бичиг хийж 4 ажил хийхээр тогтсон. 2 ажил нь эхлээд явж байна. Тэр их сургууль Хятадын баруун хойт хэсэг буюу Шинжаан, Алашаа, Хөхнуурыг монгол судлалын боловсон хүчнээр хангах газар, судалгааны 1-р туг нь ойрад судлал. Ойрад судлалын нэрд гарсан Ц.Чойдандар, Д.Бату, Эрдэнэбилэг, Зоригт, Сэнгээ, М.Улаан нарын эрдэмтэд ажилладаг газар. Би тэнд 2012 оны 3-4-р сард 1 сар лекц уншиж, эрдэм шинжилгээний солилцоо хийсэн.
- Бараг л Хятадын ойрад судлалын гол газар биш үү. Эрдэмтэдийн нэрийг нь сонсож байхад…
- Тиймээ, гэхдээ цаана нь Хөхнуурын Үндэстний их сургууль гэж бас байгаа. 6-р сард манай төвийн шашин хариуцсан захирал Г.Ядамжав, Соёл хариуцсан захирал Х.Бямбажав бид гурав тэдний зохион байгуулсан “Хутагтын гэгээн Зая бандида Намхайжамц жанч халсны 350 жилийг дурссан эрдэм шинжилгээний хурал”-д очиж оролцсон. Хурлын дараа Хөхнуурын Их сургууль, Гүмбэм хийдэд очсон. Алдарт Хөхнуурын эрэг дээр өнжсөн, бас Гэгээн Гүүш хааны анх байгуулсан Дацан хийдэд очлоо. Хутагтын гэгээн Хөхнуурын Хүртагийн ууланд 1662 онд жанч халсан учир тэндхийн эрдэмтэн нөхөд дурсгалыг нь хүндэлж байгаа нь тэр шүү дээ.
- ОХУ-ын ойрадуудтай харилцах талаар…
- Б.Түвшинтөгс, Х.Бямбажав бид гурав 2012 оны 5-р сард ОХУ-ын Тувад хэдэн хоног ажиллаж Тувагийн Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнтэй гэрээ байгуулж олон ажил хамтарч хийхээр тогтоод байгаа. Ойрын үед хамтарсан нэг ном гарах гэж байна. ОХУ-ын Алтайн БНУ-ын эрдэмтэдтэй харилцаа тогтоож чадсан. Манай зохион байгуулсан хуралд 5 эрдэмтэн ирж оролцсон. Мэдээж Шинжаан, Халимагтайгаа олон талаар хамтарч ажиллаж байгаа.
- Дэд хөтөлбөрүүд сайн хэрэгжиж байгаа гэж хэллээ. Түүнийгээ дэлгэрүүлж ярихгүй юу.
- Өнгөрсөн 6, 7 жил манайх эрхэм зорилгынхоо хүрээнд нилээдгүй дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Шууд үр дүн гарахгүй ч гэсэн дараа нь үр дүн гарнаа. Тухайлбал, “Монгол судлал”-д дур сонирхолтой оюутан, залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр байна. Өнгөрсөн луу жилд Хөхнуур, Ганьсу, Шинжаан, Халимагаас нилээдгүй залуус манай улсад ирлээ. Заримыг нь бид зардлыг нь дааж байна, энд үзэж харах, хэл соёлд нэвтрэх, амьдрахад нь боломжоороо туслаж байгаа. Манай төвийн дэргэд байгуулагдаж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа оюутан залуусын “Тод дөрвөлжин” ТББ-ын ажил сайн явж байгаа. Луу жилд хоёр удаа эрдэм шинжилгээний хурал хийсэн. Хурлын эмхтгэлийг нь хэвлүүлж өгч байна.
- “Тод дөрвөлжин” клуб сайн ажиллаж байгаа нь зохион байгуулж байгаа ажлууд, тэдний хөтөлдөг fasebook-аас харагддаг шүү.
- Улам ч сайн ажиллах боломж байгаа. Оюутнуудад ямар мөнгө байхав. Гэхдээ би хэлдэг юм. Эхлээд сэтгэл зүрх байвал дараа бусад нь болно гээд. Уг нь зүрх сэтгэлтэй нэг залуу гарч ирээд дэмжээд тэтгээд явчихвал ч хөгжөөд өгнө дөө. Энэ байгуулага чинь Халимаг, Ланжуугийн их сургууль дээр салбараа байгуулаад сүрхий байгаа. Одоо Ховд их сургууль дээр байгуулах юм. Одоохондоо би удирдах зөвлөлийг нь тэргүүлж байна. Жилд 52 долоо хоног байдаг. Түүний 1 долоо хоногийг нь залуучууддаа зориулж байна. Энэ клубынхан тод үсгийн, бий биелгээний, сур харвааны, орчин үеийн болон хуучин дуу сурах гээд хөдөлгөөн өрнүүлээд бие биедээ урам өгөөд, зүгээрээ. Хичээлийнхээ хажуугаар эрдэм шинжилгээний арга зүй сурах, арга барил эзэмших гэсэн зорилготой залуус шүү дээ.
- Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан уу.
- 2012 онд манай төв оролцсон, хамтран болон дангаараа зохион байгуулсан хурлууд нилээдгүй болсон. 2011 онд Японы Осака хотын Азийн угсаатны музейгээс зохион байгуулсан “Ойрад судлал, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” хурлын үргэлжлэл болгож 2012 оны 9-р сард хоёр дахь хурлыг ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль, манай төв гэсэн 5 газар хамтран хийсэн. 7 орны 42 илтгэгч өөрийн биеэр оролцсон сайхан хурал боллоо. Энэ хурлын төсвийг 5 газар хувааж гаргасан. “Тод номын гэрэл төв”-өөс гаргах хөрөнгө мөнгийг Удирдах зөвлөлийн дарга Б.Бат-Амгалан, УЗ-ийн гишүүн Зуутраг Пунцагийн Эрдэнэзаан нар санхүүгийн дэмжлэгээр шийдсэн. Увс аймгийн ЗДТГ-тай хамтраад тод үсэг судлалын нэртэй эрдэмтэн Галжааны Жамъяны мэндэлсний 80 насны ойд зориулсан хурал Улаангомд хийлээ. Улаанбаатараас очсон 8 эрдэмтний зардлыг УЗ-ийн гишүүн Засгууд Н.Болдхүү санхүүжүүллээ. Энэ мэт Ойрад судлалаар төрөлжсөн хурлууд болж байгаад баяртай байгаа.
- Та төвийнхээ өнөө хүртэл хийсэн ажлыг товч дүгнээд, бас цаашид хийх зүйл, зорилгоо хэлж өгнө үү.
- Байгуулагдаад 7 дахь жилийнхээ нүүр үзэж байна. Эргээд харахад хийсэн зүйл нилээдгүй, бас илүү сайн ажиллах боломж ч байсан. Манай төв 4 цувралаар 50 гаруй их, бага номууд хэвлүүлжээ. Зохион байгуулсан 10 гаруй хурал, 3 экспедици байна. 10 гаруй дэд хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Цаашид Bibliotheca oiratica /ойрад судлалын номын сан/ цуврал маань олон ботиор гарах байх гэж бодож байна. Цаашид хийх ямар нэгэн том, жижиг ажлаа төсөл болгоод ивээн тэтгэгчтэй хамтарч ажиллах замаар хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл бидэнтэй хамтран ажилласан бүх хүн хийсэн ажил үйлсээ өөрийнхөө нэрээр нэрлэх боломжтой. Бид хийсэн бүх ажлынхаа тухай мэдээллийг хадгалж байдаг. Хамтран ажилласан бүх хүний өргөсөн хандив тусламж, дэмжлэг бичээтэй байна. Түүнийгээ 10 жилийн ойгоороо ном болгож гаргана гэж боддог. Хамтарч ажиллах бүх хүн, байгууллага, төрийн бус байгууллагад нээлттэй байна бид. Могой жил буюу 2013 онд бид олон ном гаргана, сум, аймаг орон нутагтай олон талаар хамтарч ажиллах төлөвлөгөө байна.
Эцэст нь тэмдэглэхэд бидний хэдэн залуучууд зүрх сэтгэлээрээ нэгдээд, ажлынхаа зав чөлөөгөөр хийж байгаа ажил шүү. Бид төрийн байгууллага биш, төрийн бус байгууллага. Биднийг ойлгоод түүх соёлоо судлах, хөгжүүлэхэд сэтгэл зүрх, гар бие оролцоё гэсэн аль ч насны хүмүүс бидэнтэй харилцаа тогтоогоорой.

Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/uvsu.mn хуудсыг дэмжээрэй
-6°
Улаангом